/радио тэмдэглэл/
Эрхэм сонсогчдоо “Замын турш” аян
замын тэмдэглэлээ та бүхэнд сонордуулъя.
Бидний зорьсон газар бол Чингис
хааны хөшөөт цогцолбор буюу Цонжин
болдог. Энэ хөшөө нь Улаанбаатар хотоос
54 км зайд байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ
сумын нутаг Цонжин болдог хэмээх түүхэн үйл явдалтай холбоотой газарт
байрладаг.
/шума:машин явах чимээ/
Хотоос гараад хуучирч муудсан засмал
зам биднийг тосож хэдэн км явлаа. Машин дотор чимээ ихтэй. Донсолгоо их ч энэ
зам тийм ч удаан үргэлжилсэнгүй. Шинэхэн
дэвссэн урт нарийхан хар зам биднийг
цааш хөтөллөө. Хоёрхон машины урсгалтай
замаар хааяа хааяа машин зөрөлдөнө. Гадаад дотоодын жуулчид холхих энэ зам
надад нарийдсан шиг санагдлаа. Хаврын сар
болохоор ногоо хараахан гараагүй бор
шаргал тал, хөх уулс нүдний хажуугаар урсан өнгөрнө.
/шума:трактор/
Замын ойролцоох газраар элс, хайрга
үйлдвэрлэж овоолсон шороо, ухсан газар байх юм. Тэдгээр нь байгалийн үзэмжийг
доройтуулж, мөн цөлжилт үүсгэсэн байлаа.
/шума:салхи/
Хэрвээ замд замын зүг чиг, газрын нэр, замын урт зэргийг тодорхой зааж
өгсөн замын самбар байсансан бол гэж
дотроо бодон явлаа. Хэдэн км явж байгаа, хаана явж байгаагаа сайн анзаарахгүй явсаар
нэг л мэдхэд зорьсон газраа хүрээд ирлээ. Цонжин болдогт тавтай морил гэх самбар бас л байсангүй.
/шума:машин тооромсолж зогсоод унтрах чимээ/
Цогцолборын гаднаас орох хаалга тун ч
сүрлэг харагдана. Хаалгаар ормогц
Чингис хааны маань хөшөө наранд гялалзан сүрлэг гэгч нь сүндэрлэжээ. Олон олон
шатаар дээш гарсаар хөшөөт цогцолборт орж ирлээ.
/хөгжим: морин хуурын ая/
Ормогц л нүд булаасан зүйл бол яахын
аргагүй аварга том 9н метрийн өндөртэй монгол гутал юм. Энэхүү дэлхийн хамгийн том гутлыг хийхэд нийтдээ 200 гаруй үхрийн шир,
4500 метр олс, 100 гаруй кв.м эсгий орсон юм байна. Нэмж хэлэхэд энэ гутлыг 45
метр өндөртэй, 4 тонн гаруй жинтэй аварга хүн өмсөх боломжтой. Гутлын хажууд
хүмүүс зогсоод зургаа авхуулцгаана. Хажууд нь зогсох байгаа хүн үнэхээр жаахан
харагдаж байлаа. Хөшөөний суурин хэсэгт аравнайлсан алтан ташуур, уран зургийн
галарей, үзвэрийн танхим, зоогийн газар, хурлын танхим, уулзалтын өрөө,
биллъяард өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байрлаж байлаа.
Арванайлсан ташуур нь 4н
метрийн урттай, 8н цэнгийн алтаар бүрсэн гэнэ. Ташуурыг 2 хос гарьд шувуун хөшөөн дээр байрлуулжээ.
Хос гарьд шувуу нь эв найрамдлыг илэрхийлдэг юм байна.
/шума: хүмүүсийг яриа/
Бид цааш хүрэл зэвсгийн үе, хүннү гүрний музейгээр зочиллоо. Музей нь байгууламжийн
доод давхарт байрлана. Тайлбарлагч нь бидэнд хүннү гэрний газрын зургийг танилцуулаад музейгээ
үргэлжлүүлэн үзэхийг зөвлөлөө. Музейн олдворууд олон жилийг дамжин өдийг хүрч
элгэдэж муудаж зэвэрсэн ч түүхийн гэрч , үнэт өв болон үлдэж чаджээ. Дан ганц Монгол орны өнцөг булангаас олдоод
зогсохгүй Орос, Өвөр монголын нутгаас олдсон олдворууд ч байх юм. ширмэн хүрэл
тогоо, анхний үхэр буу, анхны дарьт буу, монгол цэргийн дайны өмсгөл, дуулга,
монгол хатны малгай зэрэг нь яг бүрэн
бүтэн үлдэж чадаагүй ч 3000аад жилийн нүүрийг үзсэнийг нь харвал тухайн
үеийн эдлэлүүд тун ч бат бөх сайн хийгдсэн нь харагдаж байлаа. Хүннүгийн үеийн
баатарын малгай гэхэд л одоогийн хүмүүсийн толгойн хэмжээг бодвол их том байх
жишээтэй.
Музейг үзэж дуусаад бид дээш гарч морьт хөшөөн дээр гэрч үзлээ. Баруун
гартаа алтан ташуур тулж наран ургах зүгт алсын бараа харсан 40 метр өндөртэй
Чингис хааны морьт хөшөө. Морьт хөшөө нь 250тн ган төмрөөр хийсэн 30 метр
өндөртэй үндсэн хэсэг, 10метр өндөртэй 36метрийн диамертэй суурийн
байгууламжаас бүрдэнэ. Хөшөөг ойроос харахад тун ч сүрлэг дан мөнгөөр цутгасан
мэт л гялалзаж байлаа. Чингис хааны дүр төрхийг хамгийн ойроос хамгийн томоор
зөвхөн эндээс л харж болно. Нүүрний хувирал зэргийг гайхалтай гаргаж өгсөн байх
юм. Чингис хааны ширүүндүү ч гэмээр төрх нь хөшөөн дээрээс илүү тод харагдана. Биднийг
очиход гадаадын жуулчид ч мөн хөшөөг үзэж сонирхож байлаа. Тэдэнд ийм бахархалтай
гэдэгээ ийм сүрлэг хөшөөгөөр батлан харуулж байгаа нь сайхан санагдаж байсан
юм. Одоогоор дэлхийн хамгийн том морьт хөшөөнд тооцогдож, хүний гараар
бүтээгдсэн дэлхийн 100 гайхамшгийн 33т жагсаж байгаа нь ч чамлахааргүй том
амжилт шүү гэсэн бодол төрж байлаа.Чингис хааныхаа хөрөг зургийг л илүүтэй харж байсан бидэнд сүрлэг сайхан хөшөө босгон
өгсөн Халмтаагийн Баттулгад талархах сэтгэл төрсөн юм.
/шума/
Цогцолборын эргэн тойрны байгалийн сайхныг
морины сүүлэнд байрлах цахилгаан шатаар дээш явж цээжин дундуур дамжин гадагш
гарч морины дэлэн дээрээс харах боломжтой. Өндрөөс үнэхээр сайхан харагдаж байсан. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн
болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт
газрууд харагддаг.
Хөшөөний
суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны
Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг.
Чингис хаан 1177
онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Мэргэдийг дайлаар мордохдоо Хэрэйдийн
ван хан Тоорилд бараалхан булган дээлээ
бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн
ташуур олж байсан гэх домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл
бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна. Тухайн
үед Чингис хаан ташуур олсондоо ихэд бэлгэшээж, "ирээдүйн их хэргийн зам
нээгдлээ" хэмээн айлдсан байдаг.
Цонжин болдог гэх нэрийг нь та бүхэн сонирхож байгаа байх. Цонжин гэдэг нь
дохио , харин болдог гэдэг нь толгод гэсэн утгатай нийлээд дайн байлдааны дохио
өгдөг уул гэсэн утга бүхий нэртэй юм байна лээ шүү.
/шума:машин асах шума/
Зорьсон газраа хүрч, санасан хэргээ
ч бүтээсэн болохоор бид хүлгийн жолоогоо Улаанбаатар хотын зүг заллаа. Сонсогчид та бүхэнийнхаа мэдлэгтээ нэмэр
болохуйц мэдээлэл өгч, бага ч гэсэн цаг хугацааг үр өгөөжтэй өнгөрүүлсэн гэдэгт
найдаж байна. Энэ удаагийн аян замын тэмдэглэл маань өндөрлөж байна. Баяртай сонсогчид оо!
No comments:
Post a Comment