Эдгээр
нь зөвхөн хүнд өөрт нь л байдаг, өөрийг нь тодорхойлогч өвөрмөц, давтагдашгүй шинж юм.Хүн бүр эрх тэгш заяагдсан. Төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил, ижил үнэ цэнэтэй. Хүн бүр амьд явах; давтагдашгүй, онцлог байдлаа хадгалах; нандин чанараа мэдрэн, хэнээс ч хамааралгүй, хараат бусаар эрх чөлөөтэй, нэр төр, үнэ цэнэтэйгээр амьдрах; амьдралаа хүссэнээрээ шийдэх; үүний тулд сонголт хийх боломжийг өөртөө агуулж төрдөг. Энэ нь аливаа нэгэн төр, шашин, хууль, засаглалын
ямар нэг тогтолцооноос олгогддог буюу зөвшөөрөгддөг биш, хүн болсных нь хувьд өөрөөс нь урган гардаг, зөвхөн хүнд заяагддаг төрөлх чанарыг илэрхийлсэн ухагдахуун юм.
Хүний эрх гэдэг нь ямар нэг давуу эрх, онцгой ямбыг илэрхийлдэггүй. Нэр төртэй, үнэ цэнэтэйгээр амьдрахад зайлшгүй шаардлагатай наад захын стандарт юм. Гэхдээ хүний сайн сайхан амьдрах доод хязгаарыг стандарт болгон зааж байгаа болохоос тэмүүлж буй алсын зорилт, мөрөөдөл биш. Иймд хүний эрх нь а) хүнд угаас заяагдсан, өөрт нь байдаг төрөлх чанарыг илэрхийлсэн; ертөнцийн зарчмуудад суурилсан гүн ухааны ойлголт, ухагдахуун; б) нэр төр, үнэ цэнэтэйгээр амьдрахад зайлшгүй шаардагдах наад захын стандарт; в) хүн болж төрснийх нь хувьд байгалиас заяагдсан төрөлх чанарыг олон улсын болон үндэсний түвшинд баталгаажуулах, хамгаалах эрх зүйн арга хэрэгсэл юм.
Хүн төрөлхтөнд өөрсдийнх нь жам ёсны, салшгүй эрхийг хамгаалах ямар нэгэн механизм хэрэгтэй болсон учраас төрийг байгуулсан. Байгалиас заяагдсан эрхийг хүний өөрсдийнх нь зохиосон төр нь бичмэл хуулиараа баталгаажуулдаг.
Хүн бүр амьдралаа хүссэнээрээ шийдэх эрхтэй. Харин бусдын амьдралд хошуу дүрэх эрх байхгүй. Жам ёсны эрхэд цорын ганц хязгаарлалт байна. Нэг хүний эрх, эрх чөлөө нь нөгөө хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана.
“Хүнийг байгалиас заяасан эрх, эрх чөлөөгөө эдэлж, эрхэм чанараа мэдрэн, жам ёсны чадамжаа бүрэн ашиглан өөрийнхөө потенциалыг бүрэн хэрэгжүүлж, аз жаргалыг өөрийнхөөрөө эрэлхийлэх, өөрийнхөөрөө туурвих тэр боломжийг хангахын тулд бид “хүний эрхийн” гүн ухааныг сууриа болгон, хүний эрхийг олон улсын болон үндэсний эрхзүйн хэрэгсэл болгон хөгжүүлж, өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх стандарт болгон ашигладаг.”
Эх сурвалж: МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөлөөллийн чадавх бэхжүүлэх” сургалтын гарын авлага, 2011 он.
No comments:
Post a Comment